#b-hailt { display: none; visibility: hidden; height: 0px; }
2014-03-13
Алсын удирдлага
     Хэрэв хэн нэгэн надаас хамгийн сүүлд үзсэн монгол найруулагчтай дэлхийн кино урлагийн түвшинд хүрэхүйц сайн киног нэрлэ гэж асуувал би "Хадаг" хэмээн түүртэлгүй хэлэх байна!

Энэ киног 2006 онд анх олж үзээд маш гүн сэтгэгдэл үлдэж, түүнээс хойш энэхүү С. Бямба хэмээх нэрийг сайтар тогтоож байж билээ.
2010 онд харин уг найруулагчийн хамтарсан бүтээл болох "Babies/Aлаг үрс" хэмээх кино олны хүртээл болон, үзсэн хүн болгоны хайр, эгдүүг хүргэсэн бүтээл болсныг та бүгд андахгүй байх! Үүнээс хойш энэ хүнээс ахин шинэ уран бүтээл гархыг нь битүүхэн хүлээж явдаг байлаа!

Харин энэ хүсэл маань биелэлээ олж С. Бямба найруулагчийн "Алсын удирдлага / Remote Control" нэртэй шинэ уран бүтээл нь Монголд өнгөрдөг 2 сард нээлтээ хийж олон хүний талархлыг хvртэж байна!

Энэ киноны талаар өөрт төрсөн сэтгэгдлийг яруу найрагч Г. Аюурзана "...“Алсын удирдлага” киноны зураглалууд ер нь маш гоё. Яг л амттай бичигдсэн шүлгийн мөрүүд шиг. Тэр бүхнийг харж л мэдэрнэ үү гэхээс, дамжуулж бичих боломжгүй. Жишээ нь, дэлгүүрт гоц гойд удирдлага олж харсан хөвгүүний замд гэхэд л орчин үеийн шилэн барилгын хананд Чойжин ламын сүм тольдогдон туссан нэг гайхалтай план гардаг. Ирээдүйг бэлгэдэх мэт шилэн байшинд эртний сүмийн дүрс тусахдаа эгээл Занданжуу бурхан шиг долгиотож байна гээч! Занданжуу хэмээх тэр бурхныг Будда амьд сэрүүн байх цагт, өөрөөс нь харж сийлбэрлэсэн домогтой...Цогоотой хамт явахад, түүнтэй хамт тэр дээврээс нь харахад, бохир бэрх Улаанбаатар маань яруу найраг шиг хот үзэгддэг юм байна..." хэмээн хүүрнэжээ!

Дэлгэрэнгүйг:

https://www.facebook.com/Gun.Ayurzana/posts/475078095925235:0

Киноны гол утга санаа нь: "...Нийслэл хотын ойролцоох жижигхэн өртөөнд амьдардаг Цог хүүд тохиолдсон хэдхэн өдрийн үйл явдал, түүний хүсэл мөрөөдөл ба анхны хайрын тухай өгүүлэх энгийн түүх мэт боловч өсвөр насны энэ хүүгийн дүрээр хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгмийн өнөөгийн байдал, түүн дэх уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг уран сайхны аргаар дүрслэн харуулсан аж..."

Багадаа уншиж байсан Б. Ринчен гуайн "Шүхэрч Буниа" хэмээх өгүүллэгийн дүр ч хальт гардаг бололтой. Шүхэрч Буниа гэснээс, энэ өгүүллэгийг анх 4-р ангидаа уран зохиолын хичээл дээр уншин сэтгэл хөдлөөд, уг зохиолын баатруудыг нь дүрсэлж зураад зургийн хичээл дээрээ "онц" авч байсан гэнэт санаанд оров. :

http://nutagaiuner.blog.gogo.mn/read/entry278463

С.Бямба найруулагч нэгэн ярилцлагандаа:

"...Урлаг гэдэг тавилан болохоос мэргэжил биш. Сод билэгтнүүд үзэл санаа, уран бүтээлийнхээ төлөө бүгдийг золиосолсон түүх цөөнгүй байдаг шүү дээ. Магадгүй, ийм ч учраас суут бүтээлүүдийн үнэ цэнийг тогтоох боломжгүй байдаг биз. Уран бүтээлч болох сонголт зөвхөн гоо зүйн төдийгүй ёс суртахууны, хүнлэг нинжин сэтгэлийн бас хариуцлагын сонголтыг ардаа дагуулж байдаг. Өнөөдөр борооны дараах мөөг шиг олон болсон Монголын “уран бүтээлчдэд” миний итгэж чаддаггүйн учир бас би одоо болтол “уран бүтээлч” гэдэг үгнээс болгоомжилсоор байдгийн учир нь энэ. Би “жинхэнэ уран бүтээлч” биш ч байж магадгүй." хэмээн даруухан өгүүлсэн нь уг хүнийг хүндэтгэх сэтгэлийг минь улам бадраав!

Энэ кино маань Монголын кино урлагийн тавцанд нэгэн шинэ урсгалыг үүсгэн, монгол л хүнээс гарах дүрслэлийг шингээснээрээ Солонгосын Бусан хотын “New Currents” буюу “Шинэ Давалгаа” наадмын тэргүүн байрын шагналыг хүртсэн нь гайхах зүйл биш мэт санагдлаа.

http://www.youtube.com/watch?v=KTe8qfkpQEY

Борооны дараах мөөг мэт олширсон Амеркчүүдийг, Солонгосчуудыг дууриаж өөрийн гэсэн онцлог чиг хандлагаа алдаж буй монгол кино урлагийг "аварсан" мэт бүтээл гарган, дэлхий даяар үнэхээр л “Шинэ Давалгаа” үүсгэж, чанар муутай зураг авалт, чадваргүй хуурамч жүжиглэлт, бодит амьдралаас хол тасарсан материаллаг зүйлсээр "чимиглэгдэн", тансаг машин унаж, архи тамхи хэрэглэн, өөр хоорондоо буудалцсан сүүлийн үеийн дур гутам хэвшмэл кинонуудад сэтгэл дурамжхан явдаг байсан бодлыг минь өөрчилж, монгол хүн бас кино урлагийг урлаг талаас нь дэлхийн хэмжээнд дутхааргүй хийж чаддаг юм шүү гэдгийг олон дахин баталж чадсан С.Бямба найруулагчид хувь хүний үүднээс, гүнээ талархаж байна. Болдог сон бол нөгөө "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урьж оруулмаар санагдаж байна.

Киног нь олж үзээгүй ч энэхүү кино бүтсэн тухай бичлэгийг мөн үзэгчдийн сэтгэгдлийг үзээд, трайлерийг нь хараад, кино зураг авалтынх нь өнгө будагт дурлан сэтгэл хөдлөн урьдчилаад баахан магтчихлаа. ДВД нь худалдаанд гархаар нь xурдхан л олж үзэх юм сан!

http://youtu.be/cRgWxF2VQ2M

http://www.youtube.com/watch?v=qg2nbTTmpnA
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax